Saturday, January 31, 2009

Монгол орны чоно.

Чонын төрөл, бүрэлдэхүүн.
Түүхийн үүднээс авч үзэхэд монгол оронд Сибирийн хөх, төв азийн заримдаг цөлийн цөөвөр гэсэн хоёр төрөл чоно амьдарч байжээ.

Сибирийн буюу нутгийн хөх чоно.

Сибирийн уугуул энэ чоно дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст баруун Сибирь, Скандиновын хойг, хойд Америк, Канад, Альяск, дунд, төв, зүн хойд Азид тархан амьдарна. Монгол нутагт орших Сибирийн хөх чоно биеийн галбир, үс зүс, эр чадал, үржих удамших зохицол, амьдрах арга, байрлал, хөдөлгөөн зэрэг онцлох шинжүүдээр дотроо:




1.Хангайн хөх


2.Дорнод талын буюу олны нэрлэснээр зээрийн цагаан


3. Алтайн цаадахь говь заримдаг цөлийн шарга /улаан/ гэсэн гурван омогт хуваагддаг байна. Цаашид хангайн хөх, зээрийн цагаан, говийн шарга гэнэ.


Хангайн хөх нь Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, их говийн дархан газар, өмнө болон дорнын говь, Орхон, Дэлгэр мөрөн, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Туулын сав, Дорнодын тал, хээрийн бүсийн өргөн уудам нутагт тархан амьдардаг. Биеийн гальбир нь хөл богино, толгой том, махлаг, үс сахлаг, хар сор хөхөлбөр ноолууртай, дэлэрхүү, хөдөлгөөн удаан, үржимтгий багахан газар тогтвортой байрлаж, бартаатай газар бараадаж амьдарна. Чадал эр сайтай, алсын хараа, сонсох чадвар дунд зэрэг, тоогоор олон учир байгаль нийгэмд учруулах хор хөнөөл ихтэй. Загас, тарвага, мал, ан амьтад тааралдсанаа барьж хооллоно. Жимс, тариа иднэ. Хангайн хөхийг монголчууд андахгүй газар сайгүй хөөцөлдөж агнана. Анчид сонирхогчдын дур хүслийг татсан элбэг ангийн нэг.


Зээрийн цагаан нь Сүхбаатар аймгийн Асгат, Зотол, Эрдэнэцагаан, Сүхбаатар сумдын нутаг Цагаан тэмээтийн говиос зүүн тийш Дорнод аймгийн Хөлөн Буйр, Булган, Матад, Лаг, Сангийн далай, Бангийн цагаан уул, Тамсаг, Бадам-Иш, Мэнэнгийних талууд, Хэрлэнгийн бургас, Халхын таван өндөр буйр нуурын сав, хилийн зурвас хавиар мэр сэр тааралдана. Зээрийн цагаан биеийн гальбир сайтай, цэх өндөр, хөл урт, шилбэ нарийн, борви суунги ясархуу, мах, сор бага, үс тачир, цайвар ноолууртай. Гайхалтай хурдан, холоос харна, сонсоно. Хөдөлгөөн түргэн, цагт 65 км хүртэл хурдална. Тарвага, цагаан зээр дагаж амьдарна. Бусад ан амьтан, малд төдийлөн хавьтдаггүй. Хангайн хөхтэй хамт амьдарч хоршин үрждэг. Ерөнхийдөө зожиг, ганц нэгээрээ голдуу үзэгдэнэ.


Говийн шарга чоно Монгол Алтайн нурууны торгон үзүүр Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт Өндөр Богдын өвөр хоолой, Борзонгийн говиос Говь-Алтай аймгийн нутаг Хонин усны говь хүртэлх Алтайн цаадахь заримдаг цөлд амьдарна. Энэ чоно үл ялиг улаан шаргал зүстэй, монголд тэр бүр тааралддаггүй , урт бөгөөд том биетэй, гальбир сайтай аргагүй л өөр омгийн говийн чоно юм. Дэлэрхүү учир алсаас цээж өндөртэй мэт харагдана. Бие, сарвуу том, үс тачир, улаан шаргал ноолууртай, голлосон хар дэл, махлаг, хүч чадал ихтэйгээрээ бусад омгоос ялгарна. Өргөн уудам нутагт байрлана. Хөдөлгөөн удаан, илүү сонор, үнэрч. Тэмээ, хуланг тун төвөггүй барина. Тооны хувьд олон биш. Аюул ихтэй. Хангайн хөхтэй холилдон амьдарна.


Дэлт чонын тухай ойлголт.



Дэлт чоно гэсэн яриа, ойлголт монголчууд, ялангуяа анчдын дотор байсаар өнөөдрийг хүрч иржээ. Үүнд тодорхой хариулт өгсөн хүн, тийм тайлбар дүгнэлт одоогоор алга. Манай оронд дэлт чоно гэх тийм төрөл, омог урьд ч байгаагүй, одоо ч байхгүй. Бие том, дэл урт, үс нь соролхуу чоно үзсэн, агнасан хүн түүнийгээ дэлт чоно гэж давслаж ярих явдал байдаг юм байна.


Хар чоно

Хар чонын тухай яриа мэр сэр байдаг. Энэ бол өөр омгийн чоно биш юм.Хөвч хангайд нутаглах Хангайн хөх чонын дотор хааяа тааралддаг жирийн л чоно. Нохой юу, чоно уу, чоно нохойн хоорондоос гарсан зулзага уу гэх олон асуулт гардаг. Хар чоно хэзээ ч чоно нохойн эрлийз байдаггүй. Хөх чононоос ганц нэг хар чоно гарна.




Сүрэг чоно.

Азарга, гичий хоёр бэлтрэгээ 6 сард ус бартаанд зөөж аваачаад өдөр бүр эргэж, өглөө оройд ойр хавь дагуулж газар орны байдалтай танилцуулж эхлэнэ. Найман сараас өөр усанд шилжүүлж цаашид зулзагаа хол ойр, өдөр, шөнөгүй дагуулж сургах байдлаар намрын их аян тойрогт гүйх бэлтгэл хийнэ. Есөн сарын сүүлчээс азарга, гичий гөлөгөө байнга дагуулж аль мал, ан амьтан бүхий газрыг анирдаж хүнд үзэгдэх, тааралдах нь олширч энэ үеэс сүрэг чонын тухай яриа шуугиан дэгдэж олны анхаарал татна. Сүрэг чоно гэдэг нь ноднингийн гөлөг, тухайн жилийн бэлтрэгэ, азарга, гичийнээс бүрдэнэ. Олон бүл буюу газар газрын чононууд нийлэх юм уу нэг дор цугларч нэг сүрэг болдоггүй.Сүрэг чононууд хэзээ ч нийлж хоорондоо хутгалдахгүй. Харин сүрэг сүргийнхээ мөрийг анирдан сонирхох явдал бол их байдаг. Тийм мөрийг л үзсэн хүн тэнд чоно 20-30-аараа явж гэж ярьдаг байна. Чонын сүрэглэн явах хугацаа 10 сар хавиас 12 сарын дунд үе хүртэл үргэлжлэнэ. Сүрэг чоно хэдэн говь хоолой, хөвч, тайга, ус, бэлчээр, бартаа хамгийн ашигтай бүх талын нөхцөл, зохицол бүрэлдсэн газруудыг дамжин 5-7 хоног тутамд нэг удаа тойрч намрын гүйдлээ эхэлдэг жамтай. Ноднингийн гөлөг ам бүл болж салснаар сүргийн харилцаа эвдэрч, дараа жилийн бэлтрэг гарснаар сүрэг бутрана.


Азарга


Азарга бол сүргийн манлай сүр хүчин, хамгийн эр чадалтай чоно. Бүл бүрэлдүүлэгч хүчин, сүргийн удирдагч, гичийний насны хань байдаг. Яс бие сайтай азарган чоно 14 нас хүрнэ. Гэхдээ үржлийн чадвартай үе нь 2-9 нас юм. Гичий ямар нэгэн шалтгаанаар эндээгүй байхад азарган чоно өөр гичийд хавьтахгүй, бусад азаргыг ч сүрэгт ойртуулахгүй. Сүргийн гишүүдийг захирч тэднийг нарийн дэг горимд оруулахад гичийнд туслана. Ёс журам, дэг алдагсдад архирч санаа дохио өгч, хазаж хэмхэж тухай бүр хувийн арга хэмжээ авна. Азарганаас эмээдэггүй чоно гэж үгүй. Гичий хүртэл жийрхэнэ. Азарган чоно гичийний хээл хамгаалах, зулзагалах нүхийг ухаж бэлэн болгох, хээл хүндэрсэн, зулзагалсан үед мах, ус зөөж гичийг тэжээж ундалж, сувилах, асрах үүргийг дагнан гүйцэтгэнэ. Гичий байхгүй үед сүргээ хооллуулж, орчин тойрны аюулыг мэдэрч сэрэмжлэж, зулзагаа зөөж шинэ байрлал, орчинг сонгоно. Орооны хугацаанд болон гичийг зулзагалсан үед сүргийн цэгц, харуул, сэргийлэгч, мэдээлэгч, удирдлага зохицуулагчийн зэрэг хүний санаанд оромгүй ер бишийн олон үүргийг азарган чоно дангаар гүйцэтгэнэ. Азарга орооныхоо өмнөх 7-10, орооны 7, дараахь хээл хамгаалах 45, нийтдээ 60 хоног гичийнд ямар ч эрх мэдэл өгөхгүй бүрэн захирч, зулзагалахын өмнөх 20, хойнох 10 хоног, мөн өвчилсөн , шархадсан үед хоол унд зөөж үйлчилнэ.

Гичий

Гичий бол сүргийн амьдрал, байрлал, хөдөлгөөн үйлдэл, дэг ёс, дотоод гадаад харилцааг зохицуулагч гол удирдлага юм. Жилийн ихэнх хугацаанд бүл сүргийг удирдан чиглүүлэх цэгцийн хариуцлагатай үүргийг гичий чоно гүйцэтгэнэ. Тийм ч учраас сүргийн дотор нутаг орчноо хамгийн сайн мэдэгч, үнэрч, ажигч гярхай нь гичий чоно байж тухай бүр гарсан өөрчлөлтийг тагнан мэдэрч шинжиж зохицуулна. Хаа газрын аюултай, хамгийн хадарган чоно нь гичий байдаг. Мал, ан амьтан юу тааралдсаныг голдуу гичий чоно барина. Чонын нэг сонин зохицол нь азарга, гичий хоёр үе тэнгийн, насны зөрүүгүй шахам байдаг явдал юм. Гичий насан туршдаа нэг азаргатай нийлж 7-8 удаа зулзагална. Залуухандаа буюу анхныхаа 1-2 дахь зулзагалалтаараа хааяа 12 хүртэл бэлтрэг гаргах бөгөөд, нас ахих тутам гаргах зулзаганы тоо 2 хүртлээ цөөрдөг байна. Түүнээс хойш азаргаа хавьтуулахаа больж насны эцэс рүү 2-3 жил зулзагалдаггүй. Сүргээр явахдаа гичий бусдаас түрүүлж явж, зах барьж, зайдуу хэвтэнэ. Чоно гэдэг хийморьтой энэ амьтаны талаар бичээд байвал асар их зүйл болно. Энэ удаад энэ хүргээд түр завсарлая. Хэрвээ үүнийг цааш нь үзэх, унших сонирхолтой хүмүүс байх аваас бэлтрэгэ, гөлөг, чонын амьдралын нарийн зохицол, байрлал, хөдөлгөөн, гүйдэл, ааш араншин, мэдрэхүй ухаан, хооллох ундлах зохицол, чоныг мөрөөр нь судлах арга, агнах арга ухаан, чонотой холбоотой сонирхолтой адал явдлууд гээд асар олон зүйлийг танилцуулж болох юм. Дашрамд хэлэхэд энэ бүхнийг бүрэн эхээр нь олж үзэх гэвэл Өмнөговь, Дундговь, Хөвсгөл аймгийн даргаар 23 жил алба хашиж явсан Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул Тайжууд овгийн Тойвогын Наранхүү гуайн 2000 онд хэвлэн нийтлүүлсэн "Монгол нутгийн чоно" хэмээх ховор бүтээлээс олж уншиж болно. Уг ном маш цөөхөн хувиар хэвлэгдсэн учир миний бие блогоор дамжуулан хүмүүст хүргэхийг зорилгоо болгосон болно. Т.Наранхүү гуайн энэ бүтээл нь урьд өмнө монголд нийтлэгдэж байсан чонотой холбоотой ямар ч бүтээлтэй харьцуулашгүй маш нарийн ажиглалт, судалгааг хамруулсан, бодит баримт нотолгоон дээр тулгуурласан өвөрмөц бүтээл болсноороо эгнэшгүй юм. Ер нь монголд урьд өмнө нь энэ хэмжээний сайн бүтээл гараагүй буюу эрээд ч олдохгүй нь үнэн билээ. Наранхүү гуай өөрийн гараар надад энэхүү ховор бүтээлээ гарын үсгээ зурж гардуулж өгсөн юм.

Saturday, January 3, 2009

Манай хийсэн тавилгануудын зах зухаас...



Энэ манай анхны тавилга. 1998 он.
Одоо ээжийнд байдаг юм.


















Сүүлийн үед зарим хүмүүс битүү тавилга биш иймэрхүү панель хэлбэрийн тавилгыг сонирхох болсон. 2007 он



Гүйдэг хаалгатай шкафыг ч бас их сонирхох болж байна. 2006 он














Энэ гал тогооны тавилгыг нэг авсаархан жижигхэн амины орон сууцанд хийж байлаа. 2003 онд










Зарим хүмүүст түгээмэл байдаг гэрлийн бүрхүүл таалагдахгүй бидэнд захиалга өгч ийм маягаар хийлгэж байлаа. 2006 он













Сүүлийн үед орон сууцны зай талбайг аль болох ашигтай байлгах үүднээс иймэрхүү маягаар шийдвэрлэх явдал гарах болсон. Тун бага зайд маш боломжийн шийдэл. 2006 он









Энэ модон бүрхүүлийг бас зориуд захиалан хийлгэж байлаа. 2006 он












Манай гэрийн үүдний өрөөний шкаф. Дунд хүү Баярбат маань ганцаараа гардан хийсэн юм.
Манайх ноднин байшиндаа гал түймэр алдаад бүх юм хөө тортог болж маш их ажил төвөг удсан юм. Тэгэхэд энэ үүдний өрөө зүв зүгээр өнгөрсөн их азтай. 2006 он














Кофений ширээ. 2005 он. Хэдэн жилийн өмнө хүмүүс нэг иймэрхүү загварын ширээ, тавилга их сонирходог байлаа. Харин одоо бол эсэргээрээ аль болох илүү долоон юмгүй энгийн хийцтэй тавилгануудыг сонирхох болж байна.
Ажаад байхад манай монголчууд маш хурдтайгаар өөрчлөгдөөд байх шиг байдаг.







2006 он
Хүүхдийн хичээл хийх өрөөг тусгайлан гаргалгүй ийм тавиураар тусгаарлах маягтай шийдэх нь бас л аятайхан юм билээ. Цонхны гэрлийг хаагаад байхгүй. Дэмий нэг хана дүлий царайлаад байхгүй. Тавиураа тал бүрээр ашиглах боломжтой. Бид нар ашиглаж байх үеийнх нь зургийг аваагүй. Дөнгөж угсарч дуусгаад л зургийг нь авсан хэрэг. Ер нь ч тэгдэг юм даа. Ямар дараа нь очиж зургийг нь авах гээд явж байх биш. Гэхдээ нэг айл хэд хэдэн тавилга давтан хийлгэх хэрэг гарвал харин хэрэглэж байх үеийнх нь зургийг авч болдог л юм.







2006 он
Энэ айл гал тогооны тавилгандаа угаалгын машинаа багтаалгах санал тавьсаных нь дагуу плиткэн доор нь бага зэрэг өндөрлөгөө хийж тавилганыхаа тавцанг үргэлж болгож угаалгын машиныг тавцангийн доогуур оруулж өгсөн юм.






2007 он
Энэ айлын эзэгтэй чулуу, хун хоёрын арвин их цуглуулгатай. Тэгээд шатны доод зайг ашиглан зарим үзмэрээ байрлуулах санал тавьсаны дагуу шатны өргөнийг хагаслан хааж гэрэлтэй тавиур суулгаж өгсөн.









2007 он
Унтлаганы өрөөний тавилга.












2007 он
Гэрийн эзэгтэйн гоо сайхны ширээ


















2007 он
Чулууны цуглуулга бүхий ширээ.











2007 он

Гал тогооны өрөөний хананд өрөх урлаг гэж иймэрхүү чимэглэл хийх болсон нь бас аятайхан.



Их бахим хийцтэй сандал ширээ бас хийлгэсэн юм.





Үүдний өлгүүр.
2007 он


















Чингэс хаан олон улсын нисэх онгоцны буудал дахь кофе шоопны тэйк. 2007 он











Зарим айл том гал тогооны өрөөтэй байдаг.
Энэ ч бас сайхаан.
2005 он














Орондоо орчихоод ном харах дуртай хүмүүст иймэрхүү ор аятайхан юм шигээ.2004 он










1999 он. Classic club-ын тэйк.















2008 он.
Дүнзэн амины орон сууцны
гал тогооны өрөө.




















1999 он.
Баянгол зочид буудлын
CASABALANKA
зоогийн газрын тэйк.

Эгэл жирийн нэгэн агуу хүний тухай.

Агуу хүн гэхлээр хүмүүс ихэвчлэн олны танил, нэрд гарсан хүн байх юм шиг боддог. Энэ удаад би асар энгийн атлаа агуу их нэгэн хүний тухай хүүрнэх гэж байна.

Тэр хүн бол миний төрсөн ах Жаргал юм.


Зураг дээр Жаргал ах, Нэргүй эгч бид гурав. 1978 он

Ах маань өнгөрсөн намар автын ослоор насан өөд болоод удаагүй байна. Хүн ер нь хажуудах хүмүүсээ амьдад нь төдийлөн үнэлж мэддэггүй юм шиг байна. Ахыгаа өөд болсны дараагаар бага насаа хамт өнгөрүүлж байсан гэгээн сайхан дурсамжуудыг сэргээж нэг санахад тэр маань ямар агуу хүн байж вэ гэж өөрийн эрхгүй бодогдоод байх юм. Жаргал ах маань бүр жаахан байхаасаа баримлын шавраар ан гөрөөс, хүн, мал амьтан юу л бол юуг хийдэг байлаа. Маш олон хоногоор өч төчнөөн юм хийж хурааж байгаад нэг л өдөр гэрийнхээ үүдийг түгжиж аваад үзэсгэлэнгээ нээхээр бэлтгэл ажлаа хийнэ дээ. Бид ч хэзээ үзэсгэлэнгээ нээх бол гээд л гадаа нь хүлээгээд л байна. Тэгэж байгаад - За одоо орцгоо үзэсгэлэн бэлэн болсон гэнэ. Үнэхээр хараад хараад ханашгүй бүтээлүүд байдаг байж билээ. Гэрийнхээ хойморт хөнжил, гудас, хувцас хунар гээд чухам юу ашигладаг байсныг сайн мэдэхгүй бүтээлгээр хуччихсан уул ус , жалга дов гээд л байгалийн тогтоцыг бүрдүүлж тэндээ ан гөрөөс, хөдөөгийн амьдрал, тээврийн тэрэг, хулгайн анчин, жингийн цуваа, унинаас дүүжилсэн жигүүртэн шувууд гээд л бүхэл бүтэн монгол орны аж амьдралыг бараг л багтаачихсан мэт бүтээл дэлгэн тавьдаг байж билээ.
Сургуулийн дунд ангид байх үеэсээ Советский фильм сэтгүүлээс цэрэг, зэвсгийн эд зүйлсийг сонирхох болж герман, орос цэргийн буу зэвсэг, хувцас хэрэглэлийг жинхэнэ юм шиг дуурайлган хийдэг байлаа. Герман автомат, максим пулемёт, ППШ, макаров, маузер гээд л бүхий л буу зэвсгийг хүний биеийн хуруу гар, хөл толгойны харьцаатай нь жишиж байгаад л бодит хэмжээг нь өөрийнхөөрөө гаргаж модоор сийлж жинхэнэ юм шиг хийнэ. Бууны төмөр голыг дуурайлгаж хар тушээр будаад харандааны балаар давхар будаж лааны тосоор өнгөлнө. Модон хуйг нь яг л бодит буу шиг өнгөөр нь лакаддаг байлаа. Жингий нь жинхэнэ юм шиг байлгана гэж цул газарт нь хөндийлж ухаад тугалга суулгаж хүндрүүлнэ.
Цэргийн дүрэмт хувцас, цол тэмдэг, мөрдөсийг яг дуурайлган хийнэ. Ямар сайндаа л нэг хэнхэг нөхөрийн уурыг хүргэж автомат буугаа хуга цохиулж байхав. Тэр хүн эхлээд жинхэнэ буу байна гэж бодоод үнэнхүү синдромтой амьтан харайж ирээд буу хурааж авсан юм л даа. Тэгсэн чинь гараар хийчихсэн модон буу болохыг нь мэдээд маш их уурлаж хуга саваж байлаа. Хожим нь тэр тухайгаа нөгөө нөхөр өөрөө хуучилж байсан юм. Үнэхээр жинхэнэ буу гэж л бодсон юм билээ. Жаргал ах шиг ийм бүтээлч тоглож өссөн хүн манай үе тэнгийнхэн болон үе үеийнхэний дотор ч бараг л байхгүй байх гэж боддог юм. Заримдаа бидний тоглоом адал явдал нь хэтэрчих гээд байдаг байсан байх. Нэг удаа хуучин бэлтгэл өмд ноосон цамцыг хооронд нь хэлхэж холбоод дотор нь өвс эвтэйхэн чихэж яг хүний галибартай болгоод түрийтэй гутал өмсгөж шуудуун дээгүүр гардаг гүүрний зам дээр хэвтүүлээд толгой байх газарт нь баахан ус асгаж газрыг нь норгоод нэг ёсондоо толгойгүй цогцос шиг юм хаячихаад хүн, машин ирэхийг хүлээгээд бид нар шуудууны овгор шорооны ард нуугдаад хүлээж байлаа. Тэгтэл төдийлөн удсан ч үгүй нэг дугуйтай хүн гэрлээ асаачихсан бас дуу исгэрсэн шигээ тайван гээч нь ирж байна. Бид нар ч юу болохыг тэсэж ядан хүлээж байтал мань хүн дугуйныхаа гэрэлд хальт харсан уу яасан гэв гэнэт замаас гарч чигээрээ харайлгаад шуудуунд өнхөрч унадаг юм байна. Бид нарын инээд хүрч байх гэж нөхцөлгүй. Тэгсэн чинь өнөөх хүн чинь нэг юм шуудуунаас гарч ирээд усаа савируулан нөгөө хиймэл хүн дээр дөхөж очсоноо ум хумгүй дугуйгаа унаад л жийж өглөө. Тэгэхлээр нь бид нар нөгөө өвсөн хүнээ бушуухан аваад хашаандаа оруулчихаад юу болохыг нь хүлээгээд л байлаа. Тэгсэн чинь цагдаагийн нэг 69-тэй хэдэн хүн ирээд нөгөө газар дээр чинь гэрэл тусгаад баахан юм болж байгаад давхиад өгч билээ. Бид нар ч энэ болсон явдлаа нам нуугаад л өнгөрч билээ.



Зураг дээр ах маань бидэнтэйгээ сүүлчийн удаа хамт байгаа нь.












1982 оны хавар








1985 он. Манайхан дэс дараагаараа байгаа нь .











1990 оны намар. Өмнөговь аймаг. Анхны хоршооныхон









1992 он. Жаргал ахынхан.





Жаргал ах маань багадаа коор гэдэг өвчнөөс болж нүдний хараа нь муудчихсан юм. Гэхдээ маш их ном шагайж, зураг их зурдаг хүүхэд байлаа. Биднийг хүүхэд байхад 3 төгрөгний 24 хуудастай зузаан зургийн дэвтэр байдаг байлаа.
Тийм 40 гаруй дэвтэр зурсан зураг байдаг байж билээ. Бид нар тэр дэвтэрнүүдийг нь дамжуулж олон хоногоор үздэг байсансан. Ингэхэд Жаргал ах маань манай ээжийн төрсөн ахынд өргөгдсөн хүн л дээ. Бид нар тусдаа өссөн юм. Тэгээд тэднийхээр хотын тээврийн жолооч нар их олноороо ирж буудаг байлаа. Тэгсэн чинь нэг жолооч нь Жаргал ахын зурсан зураг, барьсан хийсэн бүхнийг маш их үнэлдэг байж л дээ. Тэгээд ахын маань зургийн дэвтэрнээс нь өөрөөр нь ялгуулж бараг ихэнхийг нь 30-аад дэвтэрийг нь хот руу Дүрслэх урлагийн сургуульд авчирч багш урчуудад нь үзүүлсэн юм байна. Тэр үед ах маань 7-р ангиа төгсөөд байсан зун. Хотоос нөгөө жолооч эргэж ирэхдээ:- Дүрслэх урлагийн сургуульд ямарч шалгалтгүй шууд авна гэж байна. Харин 8-р ангиа төгсөөд ирээрэй гэсэн юм байна. Ингээд 8-р ангидаа сурч байх үедээ зураг урлалын жинхэнэ онгод нь орж байсан юм шиг байгаа юм. Тэгээд түүхийн хичээлийн багштайгаа үүнээсээ болж зөрчилдсөн юм билээ. Учир нь мань хүн хаа л явсан газраа цаас гаргаж ирээд зургаа зурна. Ихэвчлэн комикс маягийн цуврал зураг их зурдаг байсан. Үүнд нь Херлуф Бидструпийн ном их нөлөөлж байсан байх. Нэг ёсондоо монгол маягийн комикс ном гаргах гэж л бодож байсан юм шиг байгаан. Гэтэл гай газар дороос гээчээр түүхийн хичээлийн багш нь өөрийнх нь хичээлийг ойшоохгүй байна гэж янз бүрээр хавчих болж л дээ. Сүүлдээ бүр хармаа савыг нь нэгжиж харандаа цаасыг нь хураах болсон юм байна л даа. Тэгэхлээр нь бүр тэгэхээс нь тэгэх гэж манай хүн цүнх, халаасаа зөвхөн зургийн дэвтэр, элдэв харандаагаар биг дүүрэн дүүргээд явдаг болжээ. Багш нь ч хураагаад, бүр нүдэн дээр нь устгаад ихээхэн доромжлол зөрчил тэмцэл болсон гэдэг юм. Тэгээд манай хүний гэдэн хөдлөөд би дахиж хэзээ ч зураг зурахгүй, зургийн сургуульд ч орохгүй гээд мал дээр илгээлт авч хөдөө гарана гээд зүтгэчихсэн байгаа юм. Бусад багш, хавь ойрынх нь томчуул яаж ч аргадаж гуйгаад тэр шийдвэрийг нь болиулж чадаагүй юм. Сургуулийн захиргаа шалгалтаа өгөхгүй байхад нь хүртэл 9-р ангид нь оруулах гэж гуйгаад ч хүч хүрээгүй юм билээ. Тэр нэг багшид гомдсон, зөрүүдэлсэн зан нь түүнийг Өмнөговь аймгийн Баяндалай сумын улсын аврага малчин Жамцдорж гуайнд илгээлтийн эзэн туслах малчин болгочихвоо. Тэгээд тэндээ хоёр жил мал сайн маллаж байгаад цэргийн насанд хүрмэгцээ армийн албыг хаана гээд нүдний хараа нь тэнцэхгүй нь тодорхой байхад зүтгэсээр байгаад цэрэгт явж байж билээ. Цэрэг татлагын комиссоор орох үедээ нэр нэгт Долгорын Жаргалыг нүдний эмч дээр өөрийнхөө оронд оруулж хараагаа тэнцүүлээд цэрэгт явчихдаг юм байна. Цэрэгт явахынхаа өмнө цэргийн бэлтгэл хийж байгаа нь гэж хашаандаа труник, модон морь хоёр дээр маш их хөдөлмөрлөж байж билээ. Труникэн дээр 100 гаргаад л соонс эргэдэг байсансан. Тэр бүхэн нь цэрэгт очоод шууд л үнэлэгдэж грантийны баяраар чөлөөгөөр шагнуулж байж билээ. Бас найраг баян хуур, грамон хөгжмийг маш чадварлаг тоглодог байлаа. Цэрэгт очсон хойноо өөрийн эрхгүй зураг зурах авьяас нь ил гарч ангийн удирдлагууд нь штабт тусгай өрөө гаргаж хамаг л нарийн ширийн юмаа хийлгэх болсон гэдэг. Тэрээр шүхрийн 084 гэдэг ангид очсон байсан болохоороо ямар ч байсан шүхрээр заавал бууж үзнэ гээд бүх л онолын мэдлэгийг нь бие дааж сурчихаад боломж хайгаад л байдаг байж. Тэгэж байгаад нэг даргатайгаа тохиролцоод нисэх рүү шүхрийн буултын багт орж чадсан гэдэг юм. Тэгээд яг онгоцондоо орох гэж байхад нь араас нь ангийн захирагч нь өөрөө ирж болиулсан гэдэг. Нүдний хараа муугаа нуугаад л байдаг байснаас болж хараа нь улам бүр муудаад сүүлдээ бүр хүн танихгүй болсон гэдэг. Цэрэгт очих үед -3 байсан хараа нь -6 болсон юм билээ. Нэгэнт хараа муу нь баригдсан болохоор ангийн захирагч нь эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй хүн гэж шүхрээр буулгаагүй юм билээ. Тэгээд цэргийн төв эмнэлэг Госпитальд үзүүлснээр хараа нь -6 гэж тогтоогдож нүдний шил тааруулж өгөөд тайван цагт цэргийн албанд тэнцэхгүй гээд халагдаж байлаа. Дурсамжийн эхэнд халагдчихаад байх үеийн зураг дээр нүдний шилтэй байгаа нь анзаарагдсан байх.
Тэгээд ах маань хэзээ нэгэн цагт би заавал үлдсэн хугацаагаа нөхөж хаана гэж байж билээ. Хэлсэн ёсоороо ч хожим нь 1982 онд өөрийн хүсэлтээрээ дахин цэрэгт явж албаа гүйцээгээд 1984 онд халагдаж байлаа. Дахин цэрэгт татагдах гээд очихдоо хараа муугаа нуух хэрэг байсангүй. Цэргийн батлах дээр нь тодоос тодоор тэмдэглээтэй байгаа юм чинь. Харин өөрөө хүсэлтээ тавиад гуйгаад байж. Цэрэг татлагын комиссынхон зөвшөөрөөгүй болохоор нь аймгийнхаа барилгын цэргийн анги дээр нь хувиараа очоод : - би хэдийгээр хараа муу цэргийн нарийн мэргэжлийн ангид тэнцэхгүй ч гэсэн тоосго харахгүй байна гэж байхгүй, заавал хугацаат цэргийн албаа гүйцээж хаана гээд суучихсан гэдэг. Барилгын 223-р ангийн удирдлагууд сүүлдээ бүр аргаа бараад цэрэгт авсан байгаа юм. Тэгээд шууд жагсаалын даргаар тавиад харуулын салааг хариуцуулсан байна. Барилгын цэргүүд үнэндээ сахилга бат сул нилээн задгай талдаа байдаг л даа. Үүнийг тэр үеийн цэргүүд сайн мэднэ. Гэтэл манай хүн цэрэг гэж ямар байх ёстой, тэр л хэв журманд нь цэрэг дарга гэхгүй хамруулж эмх журманд нь оруулж нэр төртэй албаа хаагаад арми улираах гэхэд нь мөн л өөрийн хүслээрээ халагдаад ажил дээр гарч билээ.
Эргээд бодоход армийн түүхэнд иймэрхүү намтартай хүн цөөхөн байдаг байх л гэж боддог.
Цэргээс халагдаад аймгийнхаа гэр ахуйн модон эдлэлийн үйлдвэрт мужаанаар орж улмаар эрээн будгийн мастер, шабломчин гээд л хамаг л урдаа барьдаг нарийн мэргэжилтэн нь болсон юм. 1990 онд аймагтаа анхны хоршоо байгуулж хэдэн найзууд байгууллагаасаа өрх тусгаарлаж, цаашдаа хувиараа хөдөлмөр эрхэлж явсаар энэ намар бурхан боллоо доо ах минь. Миний л мэдэхийн ах маань амьдралдаа архи ууж, тамхи татаж, мөрийтэй тоглож, худлаа хэлж, хулгай хийж яваагүй ариун мөртэй хүн байлаа. Гэтэл яахлаараа энэ хорвоо тийм сайхан хүнийг маань бидний дотроос суга татаж аваад явчихдаг байнаа.
Эгэлийн эгэл, эрхэмсэг нэгэн хайран хүн энэ хорвоогоос салан одсон ч агуу үлгэр дуурааль нь үр хүүхэд, хань ижил, эгч дүү төрөл төрөгсөд бидэндээ үүрд гэрэлтэж байх болно.
Ум сайн амгалан байх болтугай.

Муу зуршлаа ялах сайхаан.






Би өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралынхаа туршид учирсан сайн муу зуршил, дуршилынхаа талаар хүмүүстэй санал солилцмоор санагдлаа.
Би 15 настай байхдаа анх тамхи татаж сурваа. Тэгээд яах ийхийн зуургүй л 7 жил татчихсан байв. Ингээд цэрэгт очсон хойноо хийх ажил багатай юм л бол тамхи угзарч байдаг байснаа шүүмжлэлтэй хандаж оны хэдэн нөхөдөө уриалж тавуулаа зэрэг тамхинаас гарах юм боловоо. За тэгсэн чинь зарим маань эхнээсээ нууцаар тамхиа татаж байгаад баригдаад эргэж тамхиндаа ороод л байлаа. Би нэг сар, хагас жил гэх мэтээр тэвчсээр ганцаараа тамхиа бүрэн хаячихваа. Анхандаа их л тэвчээр шаардаж байлаа. Зарим шөнө тамхи татаж байна гэж зүүдэлнэ. Маш их харамсаад сэрэхэд зүүд байсанд нь баярлана шүү дээ. Ийм маягаар тамхи надаас холдон холдсоор дахиад нэг мэдэхэд бас л 7 жил тамхи таагүй байдаг юм байна. Тэгсэн чинь үүндээ эрдээд САА дээр ургац хурааж байх үеэр оюутнууд тамхиа ороож чадахгүй байхлаар нь ганц нэг ороож өгч, заримдаа мэр сэр сорсоор байгаад өнөөх гайтай муу зуршил маань дахин гүн бат сэргэж эргээд баттай тамхичин болчихвоо.
За тэгээд дахин тамхиа хаях гэж үзээд нэг л бардаггүй шүү. Тэгээд нэг л мэдэхэд бүтэн 9 жил дахин тамхитай нөхөрлөчихсөн байдаг юм байна. Өөрийгөө янз бүрээр ялалмаар, өөртөө гутармаар ч юм шиг бодогдоод ер болохоо байлаа. Тэгээд дахин дайн зарлаж байж 1999 онд тамхиа хаядаг юм байна. Одоо даруй 10 жил хаячихсан байна. Дахиж л энэ муу тамхийг хэзээ ч татахгүй юм шүү. Тэгээд ч би одоо тамхины үнэрийг авч чаддаггүй юм чинь.

Би архийг мөн л ялгаагүй 16- хан настайгаасаа ууж эхэлсэн хүн дээ. Архи бол маш амархан хүнийг эрхшээлдээ оруулдаг эд дээ. Хоёрхон жилийн дотор хичээл дээр зүгээр сууж чадахгүй гарч гүйгээд жаахан юм олоод балгачихдаг болчихсон байлаа шүү дээ.
Тэгээд аль болох хол байхыг эрхэм болгож бас хоёр жил гайгүй завсарлаж байтал цэрэгт очоод 2 жил сав л хийвэл архи уучихдаг нилээн донтой болоод ирдэг юм байна. Тэгэхлээр нь тамхинаас гарах үедээ найзууддаа давхар ам гарч архийг ч бас хаялаа гээд зүтгэчихсэн юм л даа. Тэгээд 1990 оны хавар хүртэл даруй 7 жил архи амсаагүй амжилттай явчихваа. Ингээд мөн л өөртөө эрдэж архи пиво жаахан хэрэглэх боллоо. Өөртөө эрдэнэ гэдэг нь би хаяж чаддаг хүн гэсэн үг л дээ. Өнгөрөгч оны намар 10 сарын дунд хүртэл тасралтгүй архи пиво хэрэглэсэн байдаг юм байна. Сүүлдээ бүр жинхэнэ донтой нэгэн болж байгаа бололтой. Тэгэхлээр нь өөрийнхөө энэ том муу зуршлыг ялан дийлэхээр дахин дайн зарлаад өнөөдрийг хүртэл амжилттай явж байна. Хоёр сар гаран архи уухгүй явчихсан чинь бодогдоод байдгаа ч больчихож байх юм. Ер нь муу зуршлаа ялах ч бас сайхан шүү.
Одоо би архи тамхинд зардаг мөнгө, цаг заваа арай үр бүтээлтэй юм хийхэд зарах болоод их л сэтгэл өөдрөг сайхан байх болж байна. Жишээ нь интернетээр тэнэх, шинэ дуу сурах, хөгжим тоглох гээд эрүүл үйл хөдлөлд илүү их татагдах болсон.
Үе үе муу зуршлаа нухчин дарж байх гэж Нисванисийн "Муу зуршил" гэдэг дууг дуулдаг болсон. Тэр дуунд муу зуршилдаа дийлдээд, эвлэрээд дуус ч байгаа тухай гардаг юм. Үнэнхүү юм бодогдуулдаг сайн дуу шүү. Ямарч муу зуршилтай хүн байж болно. Харин түүнийгээ ялан дарж чаддаг байх нь ухаант хүн болж төрсөний том шалгуур юм.

За одоо миний хувьд нас 50 хүрлээ. Цаашдаа архи тамхи мэтийн муу зуршилд дахин автахгүй байж чадах амьдралын хаттай болсон хүн гэж өөрийгөө бодном. Амьдрал сайхаан.

Кофений ширээ


Манайхан сэтгүүлийн ширээ ч гэдэг, зочны өрөөний ширээ ч гэдэг нэг иймэрхүү ширээг англиар coffee table гэх юм билээ.

За тэр ч яахав. Миний бодлоор хаана, хэн, хэрхэн яаж хэрэглэхээсээ шалтгаалаад юу ч гэж нэрлэсэн болмоор юм шиг.




Жишээ нь энэ ширээг яль ч талаас нь нэрлэсэн болмоор л байна. Шилэн тавцангийн доор үзмэр маягаар юу ч байрлуулж болно. Тэгэхлээр үзмэрийн витрин ч юм шиг.





Харин энэ сумо бөх бас нэг кофений ширээ.


За тэгээд ер нь ямар ч байж болох л юм байна.






Шахмал химийн хорт бодис


Юун шахмал химийн хорт бодис вэ гэж хүмүүс гайхах байх.
Намайг шахмал хавтангийн тухай бичих гэж байгааг ч хүмүүс тааварлаагүй л байгаа байх.


Сүүлийн үед хятадаас орж ирж байгаа шахмал хавтан тавилга болон ийм материалуудад химийн хорт бодис ихээр агуулагдах болсон тухай жиг жуг гэцгээх болсон байна. Мэдээж мэргэжлийн хяналтынхан тавилганд шалгалт хийгээгүй л байгаа. Гэтэл ийм хавтангаар тавилга хийдэг хэд хэдэн газарт ажилладаг хүмүүс амьсгалын замын болон арьс өнгөний харшлаа гээд эдгэрдэггүй янз бүрийн өвчтэй байх болсон байна. Тэгээд чухам юунаас болоод байгааг сайн ухаж ойлгохгүй удсаны эцэст хариуг нь саяхнаас олжээ. БНХАУ-ын ЗГ химийн үйлдвэрүүдийн хорт хог хаягдлыг өөрийн орныхоо нутаг дэвсгэр дээр ямарч хэлбэрээр устгахыг хатуу хориглосон байна. Тэгээд химийн үйлдвэрүүд нь гарсан хог хаягдлаа үзэмж сайтай шахмал хавтан болгож гадаад руу гаргах болсон юм байх. Мэдээж манайх шиг хяналт шалгалт сул орон хамгийн нэг дүгээрт өртөнө л дөө. Тэр тусмаа хямд материал зөөж их ашиг олох гэдэг наймаачдад тэр хавтан хортой байна уу хоргүй байна уу падлий байхгүй хэрэг. Ийм хавтангаар хийсэн тавилга удаан хэрэглэсэн айлд хэдэн жилийн дараа ямар ч өвчин илэрч юу ч болж магадгүй тул хэрэглэгчдэд тус болох болов уу гэж энэ талаар олж мэдсэн мэдээллээ нийтэллээ. Ер нь ч тэгээд цэвэр модон тавилга шиг сайн юм гэж хаа байхав дээ. Сүүлийн үед хятадаас ирж байгаа зарим тавилга гаднаасаа яг модон тавилга шиг харагддаг атлаа дотроо өнөөх л хогийн шахмал. Өнгийг нь сайн нүд хуурдаг болсон байналээ.