Saturday, January 3, 2009

Муу зуршлаа ялах сайхаан.






Би өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралынхаа туршид учирсан сайн муу зуршил, дуршилынхаа талаар хүмүүстэй санал солилцмоор санагдлаа.
Би 15 настай байхдаа анх тамхи татаж сурваа. Тэгээд яах ийхийн зуургүй л 7 жил татчихсан байв. Ингээд цэрэгт очсон хойноо хийх ажил багатай юм л бол тамхи угзарч байдаг байснаа шүүмжлэлтэй хандаж оны хэдэн нөхөдөө уриалж тавуулаа зэрэг тамхинаас гарах юм боловоо. За тэгсэн чинь зарим маань эхнээсээ нууцаар тамхиа татаж байгаад баригдаад эргэж тамхиндаа ороод л байлаа. Би нэг сар, хагас жил гэх мэтээр тэвчсээр ганцаараа тамхиа бүрэн хаячихваа. Анхандаа их л тэвчээр шаардаж байлаа. Зарим шөнө тамхи татаж байна гэж зүүдэлнэ. Маш их харамсаад сэрэхэд зүүд байсанд нь баярлана шүү дээ. Ийм маягаар тамхи надаас холдон холдсоор дахиад нэг мэдэхэд бас л 7 жил тамхи таагүй байдаг юм байна. Тэгсэн чинь үүндээ эрдээд САА дээр ургац хурааж байх үеэр оюутнууд тамхиа ороож чадахгүй байхлаар нь ганц нэг ороож өгч, заримдаа мэр сэр сорсоор байгаад өнөөх гайтай муу зуршил маань дахин гүн бат сэргэж эргээд баттай тамхичин болчихвоо.
За тэгээд дахин тамхиа хаях гэж үзээд нэг л бардаггүй шүү. Тэгээд нэг л мэдэхэд бүтэн 9 жил дахин тамхитай нөхөрлөчихсөн байдаг юм байна. Өөрийгөө янз бүрээр ялалмаар, өөртөө гутармаар ч юм шиг бодогдоод ер болохоо байлаа. Тэгээд дахин дайн зарлаж байж 1999 онд тамхиа хаядаг юм байна. Одоо даруй 10 жил хаячихсан байна. Дахиж л энэ муу тамхийг хэзээ ч татахгүй юм шүү. Тэгээд ч би одоо тамхины үнэрийг авч чаддаггүй юм чинь.

Би архийг мөн л ялгаагүй 16- хан настайгаасаа ууж эхэлсэн хүн дээ. Архи бол маш амархан хүнийг эрхшээлдээ оруулдаг эд дээ. Хоёрхон жилийн дотор хичээл дээр зүгээр сууж чадахгүй гарч гүйгээд жаахан юм олоод балгачихдаг болчихсон байлаа шүү дээ.
Тэгээд аль болох хол байхыг эрхэм болгож бас хоёр жил гайгүй завсарлаж байтал цэрэгт очоод 2 жил сав л хийвэл архи уучихдаг нилээн донтой болоод ирдэг юм байна. Тэгэхлээр нь тамхинаас гарах үедээ найзууддаа давхар ам гарч архийг ч бас хаялаа гээд зүтгэчихсэн юм л даа. Тэгээд 1990 оны хавар хүртэл даруй 7 жил архи амсаагүй амжилттай явчихваа. Ингээд мөн л өөртөө эрдэж архи пиво жаахан хэрэглэх боллоо. Өөртөө эрдэнэ гэдэг нь би хаяж чаддаг хүн гэсэн үг л дээ. Өнгөрөгч оны намар 10 сарын дунд хүртэл тасралтгүй архи пиво хэрэглэсэн байдаг юм байна. Сүүлдээ бүр жинхэнэ донтой нэгэн болж байгаа бололтой. Тэгэхлээр нь өөрийнхөө энэ том муу зуршлыг ялан дийлэхээр дахин дайн зарлаад өнөөдрийг хүртэл амжилттай явж байна. Хоёр сар гаран архи уухгүй явчихсан чинь бодогдоод байдгаа ч больчихож байх юм. Ер нь муу зуршлаа ялах ч бас сайхан шүү.
Одоо би архи тамхинд зардаг мөнгө, цаг заваа арай үр бүтээлтэй юм хийхэд зарах болоод их л сэтгэл өөдрөг сайхан байх болж байна. Жишээ нь интернетээр тэнэх, шинэ дуу сурах, хөгжим тоглох гээд эрүүл үйл хөдлөлд илүү их татагдах болсон.
Үе үе муу зуршлаа нухчин дарж байх гэж Нисванисийн "Муу зуршил" гэдэг дууг дуулдаг болсон. Тэр дуунд муу зуршилдаа дийлдээд, эвлэрээд дуус ч байгаа тухай гардаг юм. Үнэнхүү юм бодогдуулдаг сайн дуу шүү. Ямарч муу зуршилтай хүн байж болно. Харин түүнийгээ ялан дарж чаддаг байх нь ухаант хүн болж төрсөний том шалгуур юм.

За одоо миний хувьд нас 50 хүрлээ. Цаашдаа архи тамхи мэтийн муу зуршилд дахин автахгүй байж чадах амьдралын хаттай болсон хүн гэж өөрийгөө бодном. Амьдрал сайхаан.

2 comments:

Unknown said...

Архи тамхийг хаяж чадсанд баяр хүргье. Та хийсэн модон тавилгануудынхаа зургийг нь авч хадгалдаг бол оруулж байгаач. Бас хэрвээ сонирхолтой санагдвал ямар нэгэн модон тавилга хийж байх процессийхан зургын аваад оруулаад хичээл заавал сонирхолтой санагдлаа. Би л гэхэд тиймэрхүү зүйлээс хол хөндий хүн. Гэхдээ яах аргагүй нас залуу учир ийм байдлаар ч болсон хүмүүсээс суралцаад ирээдүйд өөрөө оролдоод гэр орны тавилгаа хийчдэг болчуул... хэхэ

Сонирхолтой блог болжээ улам цааш нь хөгжүүлээд үргэлжлүүлээрэй!

mmmgany said...

Блогны маань анхны зочин болсонд баярлалаа. Мужааны ажилд суралцахад нас оройтохгүй байх гэж бодож байна. Чиний хувьд залуу хүн их мэдлэг эзэмших нь чухал байх. Харин миний хувьд захисан ёсоор чинь аль болох хийсэн зүйлийнхээ зургийг тавьж байнаа.

Post a Comment