Saturday, January 31, 2009

Монгол орны чоно.

Чонын төрөл, бүрэлдэхүүн.
Түүхийн үүднээс авч үзэхэд монгол оронд Сибирийн хөх, төв азийн заримдаг цөлийн цөөвөр гэсэн хоёр төрөл чоно амьдарч байжээ.

Сибирийн буюу нутгийн хөх чоно.

Сибирийн уугуул энэ чоно дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст баруун Сибирь, Скандиновын хойг, хойд Америк, Канад, Альяск, дунд, төв, зүн хойд Азид тархан амьдарна. Монгол нутагт орших Сибирийн хөх чоно биеийн галбир, үс зүс, эр чадал, үржих удамших зохицол, амьдрах арга, байрлал, хөдөлгөөн зэрэг онцлох шинжүүдээр дотроо:




1.Хангайн хөх


2.Дорнод талын буюу олны нэрлэснээр зээрийн цагаан


3. Алтайн цаадахь говь заримдаг цөлийн шарга /улаан/ гэсэн гурван омогт хуваагддаг байна. Цаашид хангайн хөх, зээрийн цагаан, говийн шарга гэнэ.


Хангайн хөх нь Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, их говийн дархан газар, өмнө болон дорнын говь, Орхон, Дэлгэр мөрөн, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Туулын сав, Дорнодын тал, хээрийн бүсийн өргөн уудам нутагт тархан амьдардаг. Биеийн гальбир нь хөл богино, толгой том, махлаг, үс сахлаг, хар сор хөхөлбөр ноолууртай, дэлэрхүү, хөдөлгөөн удаан, үржимтгий багахан газар тогтвортой байрлаж, бартаатай газар бараадаж амьдарна. Чадал эр сайтай, алсын хараа, сонсох чадвар дунд зэрэг, тоогоор олон учир байгаль нийгэмд учруулах хор хөнөөл ихтэй. Загас, тарвага, мал, ан амьтад тааралдсанаа барьж хооллоно. Жимс, тариа иднэ. Хангайн хөхийг монголчууд андахгүй газар сайгүй хөөцөлдөж агнана. Анчид сонирхогчдын дур хүслийг татсан элбэг ангийн нэг.


Зээрийн цагаан нь Сүхбаатар аймгийн Асгат, Зотол, Эрдэнэцагаан, Сүхбаатар сумдын нутаг Цагаан тэмээтийн говиос зүүн тийш Дорнод аймгийн Хөлөн Буйр, Булган, Матад, Лаг, Сангийн далай, Бангийн цагаан уул, Тамсаг, Бадам-Иш, Мэнэнгийних талууд, Хэрлэнгийн бургас, Халхын таван өндөр буйр нуурын сав, хилийн зурвас хавиар мэр сэр тааралдана. Зээрийн цагаан биеийн гальбир сайтай, цэх өндөр, хөл урт, шилбэ нарийн, борви суунги ясархуу, мах, сор бага, үс тачир, цайвар ноолууртай. Гайхалтай хурдан, холоос харна, сонсоно. Хөдөлгөөн түргэн, цагт 65 км хүртэл хурдална. Тарвага, цагаан зээр дагаж амьдарна. Бусад ан амьтан, малд төдийлөн хавьтдаггүй. Хангайн хөхтэй хамт амьдарч хоршин үрждэг. Ерөнхийдөө зожиг, ганц нэгээрээ голдуу үзэгдэнэ.


Говийн шарга чоно Монгол Алтайн нурууны торгон үзүүр Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт Өндөр Богдын өвөр хоолой, Борзонгийн говиос Говь-Алтай аймгийн нутаг Хонин усны говь хүртэлх Алтайн цаадахь заримдаг цөлд амьдарна. Энэ чоно үл ялиг улаан шаргал зүстэй, монголд тэр бүр тааралддаггүй , урт бөгөөд том биетэй, гальбир сайтай аргагүй л өөр омгийн говийн чоно юм. Дэлэрхүү учир алсаас цээж өндөртэй мэт харагдана. Бие, сарвуу том, үс тачир, улаан шаргал ноолууртай, голлосон хар дэл, махлаг, хүч чадал ихтэйгээрээ бусад омгоос ялгарна. Өргөн уудам нутагт байрлана. Хөдөлгөөн удаан, илүү сонор, үнэрч. Тэмээ, хуланг тун төвөггүй барина. Тооны хувьд олон биш. Аюул ихтэй. Хангайн хөхтэй холилдон амьдарна.


Дэлт чонын тухай ойлголт.



Дэлт чоно гэсэн яриа, ойлголт монголчууд, ялангуяа анчдын дотор байсаар өнөөдрийг хүрч иржээ. Үүнд тодорхой хариулт өгсөн хүн, тийм тайлбар дүгнэлт одоогоор алга. Манай оронд дэлт чоно гэх тийм төрөл, омог урьд ч байгаагүй, одоо ч байхгүй. Бие том, дэл урт, үс нь соролхуу чоно үзсэн, агнасан хүн түүнийгээ дэлт чоно гэж давслаж ярих явдал байдаг юм байна.


Хар чоно

Хар чонын тухай яриа мэр сэр байдаг. Энэ бол өөр омгийн чоно биш юм.Хөвч хангайд нутаглах Хангайн хөх чонын дотор хааяа тааралддаг жирийн л чоно. Нохой юу, чоно уу, чоно нохойн хоорондоос гарсан зулзага уу гэх олон асуулт гардаг. Хар чоно хэзээ ч чоно нохойн эрлийз байдаггүй. Хөх чононоос ганц нэг хар чоно гарна.




Сүрэг чоно.

Азарга, гичий хоёр бэлтрэгээ 6 сард ус бартаанд зөөж аваачаад өдөр бүр эргэж, өглөө оройд ойр хавь дагуулж газар орны байдалтай танилцуулж эхлэнэ. Найман сараас өөр усанд шилжүүлж цаашид зулзагаа хол ойр, өдөр, шөнөгүй дагуулж сургах байдлаар намрын их аян тойрогт гүйх бэлтгэл хийнэ. Есөн сарын сүүлчээс азарга, гичий гөлөгөө байнга дагуулж аль мал, ан амьтан бүхий газрыг анирдаж хүнд үзэгдэх, тааралдах нь олширч энэ үеэс сүрэг чонын тухай яриа шуугиан дэгдэж олны анхаарал татна. Сүрэг чоно гэдэг нь ноднингийн гөлөг, тухайн жилийн бэлтрэгэ, азарга, гичийнээс бүрдэнэ. Олон бүл буюу газар газрын чононууд нийлэх юм уу нэг дор цугларч нэг сүрэг болдоггүй.Сүрэг чононууд хэзээ ч нийлж хоорондоо хутгалдахгүй. Харин сүрэг сүргийнхээ мөрийг анирдан сонирхох явдал бол их байдаг. Тийм мөрийг л үзсэн хүн тэнд чоно 20-30-аараа явж гэж ярьдаг байна. Чонын сүрэглэн явах хугацаа 10 сар хавиас 12 сарын дунд үе хүртэл үргэлжлэнэ. Сүрэг чоно хэдэн говь хоолой, хөвч, тайга, ус, бэлчээр, бартаа хамгийн ашигтай бүх талын нөхцөл, зохицол бүрэлдсэн газруудыг дамжин 5-7 хоног тутамд нэг удаа тойрч намрын гүйдлээ эхэлдэг жамтай. Ноднингийн гөлөг ам бүл болж салснаар сүргийн харилцаа эвдэрч, дараа жилийн бэлтрэг гарснаар сүрэг бутрана.


Азарга


Азарга бол сүргийн манлай сүр хүчин, хамгийн эр чадалтай чоно. Бүл бүрэлдүүлэгч хүчин, сүргийн удирдагч, гичийний насны хань байдаг. Яс бие сайтай азарган чоно 14 нас хүрнэ. Гэхдээ үржлийн чадвартай үе нь 2-9 нас юм. Гичий ямар нэгэн шалтгаанаар эндээгүй байхад азарган чоно өөр гичийд хавьтахгүй, бусад азаргыг ч сүрэгт ойртуулахгүй. Сүргийн гишүүдийг захирч тэднийг нарийн дэг горимд оруулахад гичийнд туслана. Ёс журам, дэг алдагсдад архирч санаа дохио өгч, хазаж хэмхэж тухай бүр хувийн арга хэмжээ авна. Азарганаас эмээдэггүй чоно гэж үгүй. Гичий хүртэл жийрхэнэ. Азарган чоно гичийний хээл хамгаалах, зулзагалах нүхийг ухаж бэлэн болгох, хээл хүндэрсэн, зулзагалсан үед мах, ус зөөж гичийг тэжээж ундалж, сувилах, асрах үүргийг дагнан гүйцэтгэнэ. Гичий байхгүй үед сүргээ хооллуулж, орчин тойрны аюулыг мэдэрч сэрэмжлэж, зулзагаа зөөж шинэ байрлал, орчинг сонгоно. Орооны хугацаанд болон гичийг зулзагалсан үед сүргийн цэгц, харуул, сэргийлэгч, мэдээлэгч, удирдлага зохицуулагчийн зэрэг хүний санаанд оромгүй ер бишийн олон үүргийг азарган чоно дангаар гүйцэтгэнэ. Азарга орооныхоо өмнөх 7-10, орооны 7, дараахь хээл хамгаалах 45, нийтдээ 60 хоног гичийнд ямар ч эрх мэдэл өгөхгүй бүрэн захирч, зулзагалахын өмнөх 20, хойнох 10 хоног, мөн өвчилсөн , шархадсан үед хоол унд зөөж үйлчилнэ.

Гичий

Гичий бол сүргийн амьдрал, байрлал, хөдөлгөөн үйлдэл, дэг ёс, дотоод гадаад харилцааг зохицуулагч гол удирдлага юм. Жилийн ихэнх хугацаанд бүл сүргийг удирдан чиглүүлэх цэгцийн хариуцлагатай үүргийг гичий чоно гүйцэтгэнэ. Тийм ч учраас сүргийн дотор нутаг орчноо хамгийн сайн мэдэгч, үнэрч, ажигч гярхай нь гичий чоно байж тухай бүр гарсан өөрчлөлтийг тагнан мэдэрч шинжиж зохицуулна. Хаа газрын аюултай, хамгийн хадарган чоно нь гичий байдаг. Мал, ан амьтан юу тааралдсаныг голдуу гичий чоно барина. Чонын нэг сонин зохицол нь азарга, гичий хоёр үе тэнгийн, насны зөрүүгүй шахам байдаг явдал юм. Гичий насан туршдаа нэг азаргатай нийлж 7-8 удаа зулзагална. Залуухандаа буюу анхныхаа 1-2 дахь зулзагалалтаараа хааяа 12 хүртэл бэлтрэг гаргах бөгөөд, нас ахих тутам гаргах зулзаганы тоо 2 хүртлээ цөөрдөг байна. Түүнээс хойш азаргаа хавьтуулахаа больж насны эцэс рүү 2-3 жил зулзагалдаггүй. Сүргээр явахдаа гичий бусдаас түрүүлж явж, зах барьж, зайдуу хэвтэнэ. Чоно гэдэг хийморьтой энэ амьтаны талаар бичээд байвал асар их зүйл болно. Энэ удаад энэ хүргээд түр завсарлая. Хэрвээ үүнийг цааш нь үзэх, унших сонирхолтой хүмүүс байх аваас бэлтрэгэ, гөлөг, чонын амьдралын нарийн зохицол, байрлал, хөдөлгөөн, гүйдэл, ааш араншин, мэдрэхүй ухаан, хооллох ундлах зохицол, чоныг мөрөөр нь судлах арга, агнах арга ухаан, чонотой холбоотой сонирхолтой адал явдлууд гээд асар олон зүйлийг танилцуулж болох юм. Дашрамд хэлэхэд энэ бүхнийг бүрэн эхээр нь олж үзэх гэвэл Өмнөговь, Дундговь, Хөвсгөл аймгийн даргаар 23 жил алба хашиж явсан Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул Тайжууд овгийн Тойвогын Наранхүү гуайн 2000 онд хэвлэн нийтлүүлсэн "Монгол нутгийн чоно" хэмээх ховор бүтээлээс олж уншиж болно. Уг ном маш цөөхөн хувиар хэвлэгдсэн учир миний бие блогоор дамжуулан хүмүүст хүргэхийг зорилгоо болгосон болно. Т.Наранхүү гуайн энэ бүтээл нь урьд өмнө монголд нийтлэгдэж байсан чонотой холбоотой ямар ч бүтээлтэй харьцуулашгүй маш нарийн ажиглалт, судалгааг хамруулсан, бодит баримт нотолгоон дээр тулгуурласан өвөрмөц бүтээл болсноороо эгнэшгүй юм. Ер нь монголд урьд өмнө нь энэ хэмжээний сайн бүтээл гараагүй буюу эрээд ч олдохгүй нь үнэн билээ. Наранхүү гуай өөрийн гараар надад энэхүү ховор бүтээлээ гарын үсгээ зурж гардуулж өгсөн юм.

3 comments:

handaa said...

Гайхамшигтай мэдээлэл байна. Чонын тухай ийм дэлгэрэнгүй мэдээллийг анх удаа л уншиж байна. Тэнгэрлэг амьтан гэж сонсож байснаас л цаашгүй байсан, ийм олон төрөл ангитай байсныг нь ч мэдээгүй явсан шүү. Гэртээ чонын зураг олж тавинаа. Таньд баярлаа.

Ариун said...

их дажгүй юм гээч. баярлалаа, ийм оновчтой мэдээлэл урьд өмнө нь унших байгаагүй юм байна. нэг завандаа наад номноосоо үргэлжлүүлээд сонордуулаарай.

эгэлхүн said...

таны блогийн чононы тухай энэ бичлэг их таалагдлаа. таныг энэ бичлэгийг шууд аваад блогтоо тавьчих уу.

Post a Comment