Saturday, January 3, 2009

Эгэл жирийн нэгэн агуу хүний тухай.

Агуу хүн гэхлээр хүмүүс ихэвчлэн олны танил, нэрд гарсан хүн байх юм шиг боддог. Энэ удаад би асар энгийн атлаа агуу их нэгэн хүний тухай хүүрнэх гэж байна.

Тэр хүн бол миний төрсөн ах Жаргал юм.


Зураг дээр Жаргал ах, Нэргүй эгч бид гурав. 1978 он

Ах маань өнгөрсөн намар автын ослоор насан өөд болоод удаагүй байна. Хүн ер нь хажуудах хүмүүсээ амьдад нь төдийлөн үнэлж мэддэггүй юм шиг байна. Ахыгаа өөд болсны дараагаар бага насаа хамт өнгөрүүлж байсан гэгээн сайхан дурсамжуудыг сэргээж нэг санахад тэр маань ямар агуу хүн байж вэ гэж өөрийн эрхгүй бодогдоод байх юм. Жаргал ах маань бүр жаахан байхаасаа баримлын шавраар ан гөрөөс, хүн, мал амьтан юу л бол юуг хийдэг байлаа. Маш олон хоногоор өч төчнөөн юм хийж хурааж байгаад нэг л өдөр гэрийнхээ үүдийг түгжиж аваад үзэсгэлэнгээ нээхээр бэлтгэл ажлаа хийнэ дээ. Бид ч хэзээ үзэсгэлэнгээ нээх бол гээд л гадаа нь хүлээгээд л байна. Тэгэж байгаад - За одоо орцгоо үзэсгэлэн бэлэн болсон гэнэ. Үнэхээр хараад хараад ханашгүй бүтээлүүд байдаг байж билээ. Гэрийнхээ хойморт хөнжил, гудас, хувцас хунар гээд чухам юу ашигладаг байсныг сайн мэдэхгүй бүтээлгээр хуччихсан уул ус , жалга дов гээд л байгалийн тогтоцыг бүрдүүлж тэндээ ан гөрөөс, хөдөөгийн амьдрал, тээврийн тэрэг, хулгайн анчин, жингийн цуваа, унинаас дүүжилсэн жигүүртэн шувууд гээд л бүхэл бүтэн монгол орны аж амьдралыг бараг л багтаачихсан мэт бүтээл дэлгэн тавьдаг байж билээ.
Сургуулийн дунд ангид байх үеэсээ Советский фильм сэтгүүлээс цэрэг, зэвсгийн эд зүйлсийг сонирхох болж герман, орос цэргийн буу зэвсэг, хувцас хэрэглэлийг жинхэнэ юм шиг дуурайлган хийдэг байлаа. Герман автомат, максим пулемёт, ППШ, макаров, маузер гээд л бүхий л буу зэвсгийг хүний биеийн хуруу гар, хөл толгойны харьцаатай нь жишиж байгаад л бодит хэмжээг нь өөрийнхөөрөө гаргаж модоор сийлж жинхэнэ юм шиг хийнэ. Бууны төмөр голыг дуурайлгаж хар тушээр будаад харандааны балаар давхар будаж лааны тосоор өнгөлнө. Модон хуйг нь яг л бодит буу шиг өнгөөр нь лакаддаг байлаа. Жингий нь жинхэнэ юм шиг байлгана гэж цул газарт нь хөндийлж ухаад тугалга суулгаж хүндрүүлнэ.
Цэргийн дүрэмт хувцас, цол тэмдэг, мөрдөсийг яг дуурайлган хийнэ. Ямар сайндаа л нэг хэнхэг нөхөрийн уурыг хүргэж автомат буугаа хуга цохиулж байхав. Тэр хүн эхлээд жинхэнэ буу байна гэж бодоод үнэнхүү синдромтой амьтан харайж ирээд буу хурааж авсан юм л даа. Тэгсэн чинь гараар хийчихсэн модон буу болохыг нь мэдээд маш их уурлаж хуга саваж байлаа. Хожим нь тэр тухайгаа нөгөө нөхөр өөрөө хуучилж байсан юм. Үнэхээр жинхэнэ буу гэж л бодсон юм билээ. Жаргал ах шиг ийм бүтээлч тоглож өссөн хүн манай үе тэнгийнхэн болон үе үеийнхэний дотор ч бараг л байхгүй байх гэж боддог юм. Заримдаа бидний тоглоом адал явдал нь хэтэрчих гээд байдаг байсан байх. Нэг удаа хуучин бэлтгэл өмд ноосон цамцыг хооронд нь хэлхэж холбоод дотор нь өвс эвтэйхэн чихэж яг хүний галибартай болгоод түрийтэй гутал өмсгөж шуудуун дээгүүр гардаг гүүрний зам дээр хэвтүүлээд толгой байх газарт нь баахан ус асгаж газрыг нь норгоод нэг ёсондоо толгойгүй цогцос шиг юм хаячихаад хүн, машин ирэхийг хүлээгээд бид нар шуудууны овгор шорооны ард нуугдаад хүлээж байлаа. Тэгтэл төдийлөн удсан ч үгүй нэг дугуйтай хүн гэрлээ асаачихсан бас дуу исгэрсэн шигээ тайван гээч нь ирж байна. Бид нар ч юу болохыг тэсэж ядан хүлээж байтал мань хүн дугуйныхаа гэрэлд хальт харсан уу яасан гэв гэнэт замаас гарч чигээрээ харайлгаад шуудуунд өнхөрч унадаг юм байна. Бид нарын инээд хүрч байх гэж нөхцөлгүй. Тэгсэн чинь өнөөх хүн чинь нэг юм шуудуунаас гарч ирээд усаа савируулан нөгөө хиймэл хүн дээр дөхөж очсоноо ум хумгүй дугуйгаа унаад л жийж өглөө. Тэгэхлээр нь бид нар нөгөө өвсөн хүнээ бушуухан аваад хашаандаа оруулчихаад юу болохыг нь хүлээгээд л байлаа. Тэгсэн чинь цагдаагийн нэг 69-тэй хэдэн хүн ирээд нөгөө газар дээр чинь гэрэл тусгаад баахан юм болж байгаад давхиад өгч билээ. Бид нар ч энэ болсон явдлаа нам нуугаад л өнгөрч билээ.



Зураг дээр ах маань бидэнтэйгээ сүүлчийн удаа хамт байгаа нь.












1982 оны хавар








1985 он. Манайхан дэс дараагаараа байгаа нь .











1990 оны намар. Өмнөговь аймаг. Анхны хоршооныхон









1992 он. Жаргал ахынхан.





Жаргал ах маань багадаа коор гэдэг өвчнөөс болж нүдний хараа нь муудчихсан юм. Гэхдээ маш их ном шагайж, зураг их зурдаг хүүхэд байлаа. Биднийг хүүхэд байхад 3 төгрөгний 24 хуудастай зузаан зургийн дэвтэр байдаг байлаа.
Тийм 40 гаруй дэвтэр зурсан зураг байдаг байж билээ. Бид нар тэр дэвтэрнүүдийг нь дамжуулж олон хоногоор үздэг байсансан. Ингэхэд Жаргал ах маань манай ээжийн төрсөн ахынд өргөгдсөн хүн л дээ. Бид нар тусдаа өссөн юм. Тэгээд тэднийхээр хотын тээврийн жолооч нар их олноороо ирж буудаг байлаа. Тэгсэн чинь нэг жолооч нь Жаргал ахын зурсан зураг, барьсан хийсэн бүхнийг маш их үнэлдэг байж л дээ. Тэгээд ахын маань зургийн дэвтэрнээс нь өөрөөр нь ялгуулж бараг ихэнхийг нь 30-аад дэвтэрийг нь хот руу Дүрслэх урлагийн сургуульд авчирч багш урчуудад нь үзүүлсэн юм байна. Тэр үед ах маань 7-р ангиа төгсөөд байсан зун. Хотоос нөгөө жолооч эргэж ирэхдээ:- Дүрслэх урлагийн сургуульд ямарч шалгалтгүй шууд авна гэж байна. Харин 8-р ангиа төгсөөд ирээрэй гэсэн юм байна. Ингээд 8-р ангидаа сурч байх үедээ зураг урлалын жинхэнэ онгод нь орж байсан юм шиг байгаа юм. Тэгээд түүхийн хичээлийн багштайгаа үүнээсээ болж зөрчилдсөн юм билээ. Учир нь мань хүн хаа л явсан газраа цаас гаргаж ирээд зургаа зурна. Ихэвчлэн комикс маягийн цуврал зураг их зурдаг байсан. Үүнд нь Херлуф Бидструпийн ном их нөлөөлж байсан байх. Нэг ёсондоо монгол маягийн комикс ном гаргах гэж л бодож байсан юм шиг байгаан. Гэтэл гай газар дороос гээчээр түүхийн хичээлийн багш нь өөрийнх нь хичээлийг ойшоохгүй байна гэж янз бүрээр хавчих болж л дээ. Сүүлдээ бүр хармаа савыг нь нэгжиж харандаа цаасыг нь хураах болсон юм байна л даа. Тэгэхлээр нь бүр тэгэхээс нь тэгэх гэж манай хүн цүнх, халаасаа зөвхөн зургийн дэвтэр, элдэв харандаагаар биг дүүрэн дүүргээд явдаг болжээ. Багш нь ч хураагаад, бүр нүдэн дээр нь устгаад ихээхэн доромжлол зөрчил тэмцэл болсон гэдэг юм. Тэгээд манай хүний гэдэн хөдлөөд би дахиж хэзээ ч зураг зурахгүй, зургийн сургуульд ч орохгүй гээд мал дээр илгээлт авч хөдөө гарана гээд зүтгэчихсэн байгаа юм. Бусад багш, хавь ойрынх нь томчуул яаж ч аргадаж гуйгаад тэр шийдвэрийг нь болиулж чадаагүй юм. Сургуулийн захиргаа шалгалтаа өгөхгүй байхад нь хүртэл 9-р ангид нь оруулах гэж гуйгаад ч хүч хүрээгүй юм билээ. Тэр нэг багшид гомдсон, зөрүүдэлсэн зан нь түүнийг Өмнөговь аймгийн Баяндалай сумын улсын аврага малчин Жамцдорж гуайнд илгээлтийн эзэн туслах малчин болгочихвоо. Тэгээд тэндээ хоёр жил мал сайн маллаж байгаад цэргийн насанд хүрмэгцээ армийн албыг хаана гээд нүдний хараа нь тэнцэхгүй нь тодорхой байхад зүтгэсээр байгаад цэрэгт явж байж билээ. Цэрэг татлагын комиссоор орох үедээ нэр нэгт Долгорын Жаргалыг нүдний эмч дээр өөрийнхөө оронд оруулж хараагаа тэнцүүлээд цэрэгт явчихдаг юм байна. Цэрэгт явахынхаа өмнө цэргийн бэлтгэл хийж байгаа нь гэж хашаандаа труник, модон морь хоёр дээр маш их хөдөлмөрлөж байж билээ. Труникэн дээр 100 гаргаад л соонс эргэдэг байсансан. Тэр бүхэн нь цэрэгт очоод шууд л үнэлэгдэж грантийны баяраар чөлөөгөөр шагнуулж байж билээ. Бас найраг баян хуур, грамон хөгжмийг маш чадварлаг тоглодог байлаа. Цэрэгт очсон хойноо өөрийн эрхгүй зураг зурах авьяас нь ил гарч ангийн удирдлагууд нь штабт тусгай өрөө гаргаж хамаг л нарийн ширийн юмаа хийлгэх болсон гэдэг. Тэрээр шүхрийн 084 гэдэг ангид очсон байсан болохоороо ямар ч байсан шүхрээр заавал бууж үзнэ гээд бүх л онолын мэдлэгийг нь бие дааж сурчихаад боломж хайгаад л байдаг байж. Тэгэж байгаад нэг даргатайгаа тохиролцоод нисэх рүү шүхрийн буултын багт орж чадсан гэдэг юм. Тэгээд яг онгоцондоо орох гэж байхад нь араас нь ангийн захирагч нь өөрөө ирж болиулсан гэдэг. Нүдний хараа муугаа нуугаад л байдаг байснаас болж хараа нь улам бүр муудаад сүүлдээ бүр хүн танихгүй болсон гэдэг. Цэрэгт очих үед -3 байсан хараа нь -6 болсон юм билээ. Нэгэнт хараа муу нь баригдсан болохоор ангийн захирагч нь эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй хүн гэж шүхрээр буулгаагүй юм билээ. Тэгээд цэргийн төв эмнэлэг Госпитальд үзүүлснээр хараа нь -6 гэж тогтоогдож нүдний шил тааруулж өгөөд тайван цагт цэргийн албанд тэнцэхгүй гээд халагдаж байлаа. Дурсамжийн эхэнд халагдчихаад байх үеийн зураг дээр нүдний шилтэй байгаа нь анзаарагдсан байх.
Тэгээд ах маань хэзээ нэгэн цагт би заавал үлдсэн хугацаагаа нөхөж хаана гэж байж билээ. Хэлсэн ёсоороо ч хожим нь 1982 онд өөрийн хүсэлтээрээ дахин цэрэгт явж албаа гүйцээгээд 1984 онд халагдаж байлаа. Дахин цэрэгт татагдах гээд очихдоо хараа муугаа нуух хэрэг байсангүй. Цэргийн батлах дээр нь тодоос тодоор тэмдэглээтэй байгаа юм чинь. Харин өөрөө хүсэлтээ тавиад гуйгаад байж. Цэрэг татлагын комиссынхон зөвшөөрөөгүй болохоор нь аймгийнхаа барилгын цэргийн анги дээр нь хувиараа очоод : - би хэдийгээр хараа муу цэргийн нарийн мэргэжлийн ангид тэнцэхгүй ч гэсэн тоосго харахгүй байна гэж байхгүй, заавал хугацаат цэргийн албаа гүйцээж хаана гээд суучихсан гэдэг. Барилгын 223-р ангийн удирдлагууд сүүлдээ бүр аргаа бараад цэрэгт авсан байгаа юм. Тэгээд шууд жагсаалын даргаар тавиад харуулын салааг хариуцуулсан байна. Барилгын цэргүүд үнэндээ сахилга бат сул нилээн задгай талдаа байдаг л даа. Үүнийг тэр үеийн цэргүүд сайн мэднэ. Гэтэл манай хүн цэрэг гэж ямар байх ёстой, тэр л хэв журманд нь цэрэг дарга гэхгүй хамруулж эмх журманд нь оруулж нэр төртэй албаа хаагаад арми улираах гэхэд нь мөн л өөрийн хүслээрээ халагдаад ажил дээр гарч билээ.
Эргээд бодоход армийн түүхэнд иймэрхүү намтартай хүн цөөхөн байдаг байх л гэж боддог.
Цэргээс халагдаад аймгийнхаа гэр ахуйн модон эдлэлийн үйлдвэрт мужаанаар орж улмаар эрээн будгийн мастер, шабломчин гээд л хамаг л урдаа барьдаг нарийн мэргэжилтэн нь болсон юм. 1990 онд аймагтаа анхны хоршоо байгуулж хэдэн найзууд байгууллагаасаа өрх тусгаарлаж, цаашдаа хувиараа хөдөлмөр эрхэлж явсаар энэ намар бурхан боллоо доо ах минь. Миний л мэдэхийн ах маань амьдралдаа архи ууж, тамхи татаж, мөрийтэй тоглож, худлаа хэлж, хулгай хийж яваагүй ариун мөртэй хүн байлаа. Гэтэл яахлаараа энэ хорвоо тийм сайхан хүнийг маань бидний дотроос суга татаж аваад явчихдаг байнаа.
Эгэлийн эгэл, эрхэмсэг нэгэн хайран хүн энэ хорвоогоос салан одсон ч агуу үлгэр дуурааль нь үр хүүхэд, хань ижил, эгч дүү төрөл төрөгсөд бидэндээ үүрд гэрэлтэж байх болно.
Ум сайн амгалан байх болтугай.

3 comments:

Д. Энхчимэг said...

egel jiriin hernee aguu humuusiin tuhai "gazar deerh od" gesen nertei goyo duu baidagiin. Bas tiim "od" bolson egel jiriin humuusiin tuhai Yaponii "Project X" geed ih sonirholtoi nevtruuleg baidgiig ta zunduu uzsen baihaa. Tiim egel jiriin hernee aguu humuus l jinhene "od", tednii hiisen buteesen zuiluudiig humuus heregleh durtai, hairtai baidagiin.
http://www.youtube.com/watch?v=-9wDeFI8kCA

mmmgany said...

Маш гоёо дуу явуулсанд баярлалаа. Би эхнэртэйгээ хамт сонслоо. Цаанаа л гоёо дуу байналээ. Даан ч хэлийг нь ойлгохгүй юм. Гэхдээ л гоёо байлаа.

Battur Sanchin said...

бахархмаар юм аа. та ч тун сайхан бичсэн байна. ээж аавыгаа нэг сайхан өргөөд амьдрах юмсан...

Post a Comment